УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы УИХ-ын даргад өргөн барьсан эдгээр гишүүнийг түдгэлзүүлэх саналыг ажлын тав хоногийн дотор чуулганаар хэлэлцэх шаардлага үүсээд буй. Гэвч хоёр хоногийн өмнө хуралдсан Халдашгүй байдлын дэд хороо ямар ч шийдэлд хүрээгүй тарсан билээ. Тиймээс өчигдөр УИХ-ын Даргын дэргэдэх зөвлөл цахимаар хуралдаж, өнөөдрийн байнгын хороо, дэд хороо, чуулганы нэгдсэн хуралдааны тов дараалалд өөрчлөлт оруулсан юм.
Хуулийн хугацаатай орж ирсэн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэх ёстой учраас чуулганы хуралдааныг мөн хойшлуулжээ. Улмаар өнөөдөр өглөө 09:00 цагаас УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байгаа юм.
Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, С.Бямбацогт нар багтдаг бөгөөд дарга нь Н.Энхболд.