УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ Хэд хэдэн том хуулийн төслийг хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай байна. Тухайлбал, Хууль зүйн байнгын хороон дээр Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг дөрвөн хуулийг хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэнэ.
Мөн Үндэсний баяр наадмын тухай хуулийг наадмаас өмнө батална. Хоёр хуулийн төсөл байгаа. Нэгийг нь Засгийн газраас өргөн барьсан. Нөгөөг нь Х.Болорчулуун нарын гишүүд өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийн төсөлд Ж.Мөнхбат гишүүнээс ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа. Цаад хугацаа зургадугаар сарын 20-н гэхэд батлах шаардлагатай.
Төрийн албаны тухай гурван хуулийн төсөл бий. Эдгээрийн нэгтгэн боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Эдийн засгийн байнгын хороон дээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Зөвшөөрлийн тухай, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хууль, тогтоолын төслүүд байгаа. Эдгээрийг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн " гэлээ.