Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн З.А нь тус дүүргийн нутаг дэвсгэрт бага насны буюу хүүхдийг харгис хэрцгийгээр хүчиндэж, уг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор тухайн хүүхдийг алсан, мөн насанд хүрээгүй Э.М-ийн гар утсыг хулгайлсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.7 /Хүнийг алах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 17.1 дүгээр зүйлийн 1 /Хулгайлах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн дүүргийн шүүхэд шилжүүлсэн.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, З.А-г бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг нуун далдлах зорилгоор бага насны хүүхдийг алсан, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.