Нийслэлийн прокурорын газраас “...Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлөн, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй...” гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах, яллагдагч Ш.Баярсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг тус тус Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Ингээд тус шүүх 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэж, прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэн А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарт тус тус 1 сарын хугацаагаар цагдан хорих мөн яллагдагч Ш.Баярсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.