Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъябазар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ёсзүйн хариуцлага хүлээн огцорч буйгаа өчигдөр /2023.10.02/ мэдэгдсэн.
Түүний мэдэгдлийн араас дараагийн хотын дарга хэн байх вэ гэдэг асуултад хариулт эрэлхийлж, таамаг дэвшүүлсэн нэрнүүд цахим орчинд хөвөрч эхэллээ. Өнөөдөр үдээс хойш Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг хотын даргаар, Түгжрэлийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарыг томилно гэдэг мэдээлэл зарим хэвлэлээр цацагдаж, түүнийг дагасан цахим орчинд шуугиан хүчтэй өрнөсөн юм.
Тэгвэл энэ талаар МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад "Маргаашийн бүлгийн хурлаар дараагийн хотын даргыг томилох асуудлыг авч хэлэлцэнэ. Одоогоор ямар нэгэн нэр яригдаагүй. Х.Нямбаатар болон бусад дурдагдаад байгаа нэрсийг хэвлэл мэдээлэл болон цахим орчноос мэдэж байна" гэлээ.