“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хувьд нэг, хоёрдугаар сард тендерийн материал бэлтгэж, дөрөвдүгээр сард холбогдох байгууллагуудтай засварын ажлын графикийн төлөвлөгөөгөө батлуулан, тавдугаар сарын 1-нээс засварын ажлуудаа хийж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар их засвар, хөрөнгө оруулалтын нийт 17 төрлийн 2300 гаруй ажил 98 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Мөн тус байгууллагын зүгээс энэ жил нийт 15 төв магистралын 371 км дулааны шугам засварлажээ.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээгээр нийт 110 нэр төрлийн 176 багц, 289 цахилгаан дамжуулах агаарын шугам, 2928 тоноглолд урсгал засварын ажил хийхээр төлөвлөсөн. 2023 оны урсгал засварын ажлыг гуравдугаар сарын 13-наас есдүгээр сарын 15-ны хооронд хийсэн. Харин их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлыг тавдугаар сарын 1-нээс эхлүүлж, аравдугаар сарын 15-нд дуусгахаар ажиллаж байна. Одоогоор их засвар, техник зохион байгуулалтын ажлын гүйцэтгэл 87.1 хувь, урсгал засварын ажлын гүйцэтгэл 99.8 хувь, дунджаар 93.5 хувийн гүйцэтгэлтэй байна.