Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнийхээ хүрээнд ахмадын баярт зориулан ахмад үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.
“Халамжаас хөдөлмөр лүү”, “Туршлагаа солилцож хамтдаа хөгжиье” уриатай тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн 24 хорооны 54 ахмад ирж өөрсдийн 100 хувь гараар урласан бүтээгдэхүүнүүд, дотооддоо тарьж ургуулсан 100 хувийн цэвэр ногоо, жимсний дээжээ өргөн барьлаа. Тус ахмадууд 20-40 жилийн хугацаанд өөрсдийн гараар бүтээгдэхүүн урлаж ирсэн бөгөөд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгардаг бүх бэрхшээлийг өөрсдийн хүчээр даван туулж байгаа юм.
Тус үзэсгэлэн худалдааг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Т.Уламбаяр нар үзэн сонирхож, тэдэнд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг сонсож, гарц гаргалгааны талаар харилцан санал солилцлоо.