Өмгөөлөгч Г.Батбаярын охин Б.Ариунзаяа бусдын толгой дээр халуун кофе асгасан гэх асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлж, хатуухан шүүмжлэлд өртсөн. Олон нийтийн сүлжээнд Б.Ариунзаяа охиныг шүүж, гэм бурууг тохож "яллаад" байсан юм.
Гэвч хэргийн эзэн Б.Ариунзаяа бус харин кофе асгуулсан "хохирогч" гэгдэх М болж таарав.
Тодруулбал, толгой дээрээ кофе асгуулсан гэх М нь хэсэг бүлэг охидтой нийлж олны танил нэр хүндтэй айлын хүүхдүүдийг айлган сүрдүүлэх, дарамтлах замаар мөнгө авдаг тухай дуучин Т.Дэлгэрмөрөн цахим хуудаснаа нийтэлж, тэдгээр охидыг олж өгвөл таван сая төгрөг өгнө гэж амалжээ.
М болон түүний бүлэглэлийн охид Шангриллагийн нэг давхарт сууж хүүхдүүдийн барьсан утас, өмсөж байгаа утас, худалдан авч байгаа зүйлсийг харж хохирогчоо сонгодог бөгөөд эвгүй байдалд оруулах бичлэг хийж түүнийгээ цахим орчинд нийтэлнэ гэж сүрдүүлдэг тухай эх сурвалж ярьж байв.
Б.Ариунзаяагийн бичлэг цахим орчинд тархасны дараа түүнийг сургуулиас нь хөөх шийдвэр гарч байсан бөгөөд М нь мөн МУИС-д сурдаг оюутан аж. Тиймээс М-ийн "бүлэглэл"-ийн дарамтанд өртөж, сэтгэл санаа, эрүүл мэнд, эдийн засгаар хохирсон хүүхдүүдийн эцэг, эхчүүд нэгдэн тэдэнд арга хэмжээ авахыг шаардаж эхэлжээ.