Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар дөрвөөс дээш давж шөвгөрсөн 32 бөхийн допингийн шинжилгээний хариу гарсан. 1 бөх Б сорьцын шинжилгээг өгсөн.
Тодруулбал уг асуудлаар ТНБД П.Сайнзориг: "Урьдчилсан мэдээллээр 21 хоногийн дотор Б сорьцын хариу ирдэг. Допингийн шинжилгээ авах процесс тэр чигтээ хууль хяналтын байгууллагын хараа хяналтын дор явагдсан. Би сүүлийн хоёр жил уг асуудлыг хариуцан ажиллаж байна. Одоогоор ямар нэгэн байдлаар сорьц солигдох асуудал гарах боломжгүй.
Мөн энэ бөхчүүд өөрсдийнхөө асуудлын хариуцлагыг үүрч сурмаар байна. Үнэхээр шээс солигдсон гэх асуудал байвал баримт гаргаж ярих ёстой. Түрүүлж амжилтад хүрэхийн тулд янз бүрийн башир арга хэрэглээд дараа нь илчлэгдээд ирэхээр иргэдийг худал мэдээлэл дээр талцуулж, нутаг усаараа хуваагддаг зүйлийг шударга хэлмээр байна. Төрийн наадам гэдэг бол татвар төлөгчдийн мөнгөөр зохион байгуулагддаг зүйл. Татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн наадмыг будлиулчхаад олон долоон юм яриад байх хэрэггүй, ёс зүйтэй бай. Мөн Шадар сайд буюу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан надад энэ 12 сардаа багтаан “Баяр наадмын тухай хууль” дээр цолыг тухайн өдрөө олгох бус батламж олгох байдлаар өөрчлөх чиглэл өгсөн" хэмээв.