Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд улсын төсөвт батлагдсаны дагуу 10.5 тэрбум төгрөгийн өртөгтэй зам барилгын ажлын тендер төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт зохион байгуулагдаж “Арц суварга” компани шалгарч, Зам тээврийн хөгжлийн яамтай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан .
Тодруулбал Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 2019 оноос хэрэгжиж эхэлсэн уг явган хүний зам , дугуйн зам, зам талбайн гэрэлтүүлэг, болон нийт дөрвөн урсгалтай 5,5 км үргэлжлэх иж бүрэн байдлаар төлөвлөсөн зам барилгын ажлыг “Арц суварга” ХХК нь гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулаагүй, чанарын доголдол гаргасан тул ЗТХЯ-аас 19.79 сая төгрөгийн алданги торгуулийг ногдуулж байсан юм.
Түүнчлэн ашиглагч тал буюу орон нутгаас хяналт шалгалтын ажлыг олон удаа зохион байгуулсны үр дүнд “Арц суварга” ХХК-ны ажил гүйцэтгэлийн алдаа гаргаснаас үүдсэн чанарын доголдол болон гүйцэтгэлийн баталгаа буюу уг тендерийн үлдэгдэл 1.5 тэрбум төгрөгийг өгөхгүй байх тухай санал, мэдээллийг ЗТХЯ-нд удаа дараалан хүргүүлж байсан байна. Авто замын тухай хуульд авто замын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу баталгаат засварын хугацаа гурван жил байдаг бол уг ажил гүйцэтгэлийн алдаа гаргаснаас үүдсэн чанарын доголдол болон гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулаагүй гэх“Арц суварга” ХХК-ны зам барилгын ажлын үр дүн нь нутгийн болон зорчигч ард иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа аж.