Өнөөдөр/2023.08.14/ Улаанбаатар хотод тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдсэн болохыг мэдээллээ.
Энэ талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв/ЗӨСҮТ/ "Уг сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй.
ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж байна" гэв.
Өмнө нь Улаанбаатарт тарваган тахлын нэг тохиолдол батлагдаад байгаа юм.
Халдвар дамжих зам:
Тарваган тахал нь дараах замаар хүнд халдварлана.
- Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх явцад арьс салстын шархаар, өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалалтгүй харьцах үед
- Тарваганы бүүрэгт хазуулах үед
- Тарваган тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд эрхтэн, махыг хүнсэнд хэрэглэх явцад
- Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд дамжин халдварлах
Эмнэлзүйн шинж тэмдэг:
Нууц үе 2-3 хоног.
Булчирхайн хэлбэр: Халуурах, булчирхай үрэвсэн томорч, эмзэглэлтэй болох, толгой өвдөх, чичрэх, маш их ядарч сулдах
Уушгины хэлбэр: Өндөр халуурах, чичрэх, ханиах, амьсгалахад хүндрэлтэй болох, цустай цэр гарах
Гэдэсний хэлбэр: Маш өндөр халуурах, чичрэх, толгой хүчтэй өвдөх, бөөлжиж, гүйлгэх