УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө"-ний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор “Үндэсний олон нийтийн радио, телевизийг төр бодлогоор дэмжих нь зүйтэй” гэдэг байр суурьтай байдгаа илэрхийлэхийн зэрэгцээ олон улсын төрийн төв телевиз нь иргэдээ соён гэгээрүүлэхэд онцгойлон анхаарч, үйл ажиллагаагаа явуулдгийг дурдаад энэ асуудалд анхаарч ажиллахыг сануулж байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал МҮОНРТ-д улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх ёстой ч цаашдаа төсвөөс өгч байгаа санхүүжилтийг соён гэгээрүүлэх, үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэх зэргээр зарцуулах үйл ажиллагаа, чиглэлийг нь тодорхой болгох шаардлагатай гэсэн саналыг хэлсэн юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар МҮОНРТ-д аудит оруулсан үндэслэлийн тухайд улсын төсвөөс төсвийн дэмжлэг үзүүлсэн, цаашлаад нийтийн өмчтэй бол нийтийн өмчтэй бүх үйл ажиллагаанд төрийн аудит хийх эрхтэй гэсэн хууль эрх зүйн зохицуулалттай байдгийг онцлов. Түүнчлэн тэрбээр, Сангийн яамнаас жил бүр олгодог төсвийн дэмжлэгийн хэмжээ янз бүр байгаа нь зарцуулах үйл ажиллагаа, чиглэл нь тодорхой бус байдагтай холбоотойг тодотгоод цаашид төсвийн дэмжлэгийг үзүүлэхийн тулд энэ хүрээний хууль эрх зүйн орчныг сайжруулах, МҮОНРТ нь бүтээгдэхүүн нийлүүлэх замаар санхүүжилтээ авах асуудал, чиглэлээ тодорхой болгоход анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ