Амны хаалттай хичээлдээ суусан, биеийн тамирын хичээлдээ амны хаалттай орсон хүүхэд хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл уг асуудалд БШУЯ-наас албан ёсоор мэдээлэл өглөө.
Мэдээллийн эхэнд "Бид бүх сургуулиуд руу холбогдож, мэдээлэл авсан. Нийслэлийн нэр бүхий нэг сургуульд нэг хүүхэд биеийн тамирын хичээлд орохынхоо өмнө бэртэж, гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна лээ. Эцэг эх нь яаралтай сургууль дээр очиж, камер шүүж, гадны нөлөөгүй, масктай байсан зүйл илрээгүй.
Мөн биеийн тамирын хичээлд амны хаалттай орсон хүүхэд нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Тавдугаар сарын 13-нд тус сургуулийн хүүхэд гэртээ тодорхой өвчний улмаас нас барсан гэсэн тохиолдол гарсан. Энэ нь сургуулийн үйл ажиллагаатай огт холбоогүй. Өнгөрсөн гуравдугаар сарын 21-нээс хойш биеийн тамирын хичээлд амны хаалт зүүхгүй байгаа" гэсэн юм. Харин Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Сургууль, цэцэрлэгийн орчинд амны хаалтгүй хичээллэж болох эсэх талаар Боловсролын Ерөнхий газар Эрүүл мэндийн яам руу хандаж, зөвлөмж авсан. Зөвлөмжийн дагуу биеийн тамир, дугуйлан секцүүдийг амны хаалтгүй хичээллүүлэх албан бичгийг бүх л боловсролын байгууллагууд руу хүргүүлсэн. Одоогийн байдлаар нийтээр амны хаалт зүүж байгаа тохиолдол байхгүй. Харин томуугийн дэгдэлттэй холбоотойгоор зарим сургуулиудад байгаа" гэв.