Авилгын эсрэг олон нийтийн сангийн нээлт өнөөдөр Туушин зочид буудлын хурлын танхимд боллоо.
Нээлтэд оролцож, үг хэлсэн тус сангийн гишүүн Д.Мөнх-Эрдэнэ "Өнөөдөр Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил боллоо. Гэвч төрд өндөр албан тушаал хашдаг, төрд үүрлэсэн авилгачид улс орны хөгжлөөс хойш татаж, саад болсоор ирлээ. Хууль байсаар байтал хуулийг уландаа гишгэж байна. Энэ хөгжилд маш том саад, тээг болж байна.
Авилгачид үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, үр хүүхэдтэйгээ нийлж, ургийн мод үүсгэн төрд үүрлэж байна.
Энэ байдлыг таслан зогсоохын тулд иргэд, олон нийт нэгдэн нийлж, хуулийн салбарын туршлагатай хурандаа, генерал_ хуульчидтайгаа нийлж, олон нийтийн санг үүсгэн байгуулж байна. Энэ сан бол АТГ-ыг шахаж, ташуурдаж ажлыг нь хийлгэдэг "жинхэнэ" Олон нийтийн зөвлөл байх юм. Дээгүүрээ авилгачид, дарга нарт хариуцлага хүлээлгэж, ганц хоёртой нь тохирох нь тохирч байх шиг байна. Доогуураа бол авилгал газар авсан. Үүнтэй тэмцэнэ" гэв.
Мөн тэрбээр "Өнөөдөр төрийн гурван өндөрлөг, Засгийн газрын гишүүд УИХ-ын 76 гишүүн, яам, хэлтсийн дарга нарт урилга өгсөн ч тэд ичээд ирсэнгүй. Өмссөн хувцас нь хүртэл авилга шүү дээ. Тэд ирээгүй ч бид араас нь явсаар байх болно" хэмээлээ.
Дээрх санг Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс санаачлан байгуулсан юм.