Дээд шүүх өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан Намын даргаар бүртгэх эсэхийг шийднэ. Түүнийг дэмжигчид тус шүүхийн гадаа жагсаал хийж байгаа юм. Мөн МУГЖ Д.Сосорбарам Ардчилсан Намд эргэн ирж буйгаа өнгөрсөн долоо хоногт зарласан байдаг.
Тэгвэл АН-ын удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өнөөдөр мэдээлэл хийх үеэр тэрбээр "Хүний амь шиг үнэ цэнтэй зүйл хорвоод байдаггүй юм. Амьд байж хүн энэ хорвоод ирснийхээ хэргийг бүтээдэг. Ингэхдээ хэн нэгийг хэлмэгдүүлж, амийг сүйтгэж болохгүй. Зулын гол болно гэж байгаа хүмүүст хэлэхэд, эсрэгээрээ зулаа хийгээд 100 жилийн туршид Монголынхоо эрх чөлөө, хөгжлийн төлөө явж байсан ерөнхий сайдууд, лам хувраг гээд КГБ-ын хянгарт өртөж амиа алдсан 40 гаруй мянган хүний төлөө өргөвөл зөв” гэсэн юм.