Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр “ Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 2014 онд хадгаламж зээлийн хоршоодод 14 тэрбум төгрөгийн зээлийг нийслэлээс олгосон байдаг. Нийт зээлийн 50 орчим хувь буюу 7 тэрбумийн зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон байна! 8-н жилийн турш дорвитой арга хэмжээ аваагүй шалтгааныг олж тогтоох хэрэгтэй! Тухайн үед зээл олгосон албан тушаалтнууд болон ХЗХ-оор дамжуулан зээл авч хувьдаа авсан байх магадлалтай этгээдүүдийг олж тогтоон хариуцлага тооцуулах хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгийг энэ янзаар шамшигдуулж болохгүй.
Зориулалтын дагуу зээлээ аваад бичил бизнесээ эрхлээд явж байсан хүмүүс зээлээ төлчихсөн харагдсан. Гэхдээ төлөөгүй нь 50 хувь байна. Энэ дунд үнэхээр бизнесийн үйл ажиллагаа нь доголдоод төлж чадахгүй хүмүүс байгаа. Нөгөөтэйгүүр анхнаасаа төлөхгүй гэж бодож зээл авсан хүмүүс ч байхыг үгүйсгэхгүй. Бид тийм хүмүүстэй Иргэний хэргийн шүүхээр яваад өр зээлийг нь барагдуулж чадна гэж бодоод байдаг. Гэтэл тэр бол бүтэхгүй ээ.
Бид “банк” болж тоглох гэж байгаа бол дүрмийнхээ дагуу л байх ёстой. Энэ өрийг чинь барагдуулдаг тусгай мэргэжилтнүүд, актив удирдлагын газар байгаа. Тэртээ тэргүй барьцаа хөрөнгө нь ч хангалтгүй байхад зээл олгочихсон юм чинь хэзээ ч эргүүлж авч чадахгүй л харагдаад байна. Хөгжлийн банкны асуудлыг хар. Тэгэхэд бид өөрсдөө 7 тэрбумыг бараг алдчихсан гэж хэлж болохоор сууж байна” гэв.