Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Банк санхүүгийн байгууллагын засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ банк санхүүгийн зээлийн холбогдолтой асуудал дээр болгоомжтой хандах учиртай. Зээлийн хүүг яаж бууруулах юм бэ. Үнэт цаас гаргана гэсэн заалт байсан. Яаж гаргаж, хаана арилжаалах юм бэ. Хөгжлийн банкны хуулинд өөрчлөлт оруулна гэсэн заалт байна. Банк бус санхүүгийн байгууллага яагаад Хөгжлийн банктай холбогдоод явчихав. Гадаадын банк санхүүгийн байгууллагыг Монголд оруулж байж вальютын хомсдол, эдийн засгаа сайжруулах боломж нээгдэнэ шүү дээ. Хууль батлаад зээлийн хүүг бууруулна гэж байх уу. Ямар баталгаа байгаа вэ. Үндэслэлээ ярьчихвал зүгээр байна.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан: Манай хуулийн 5/3-т гадаадын хөрөнгө оруулалт банк бус санхүүгийн чиглэлд оруулж ирэх нээлттэй байгаа. Одоогоор 28 банк бус байгууллага гадны хөрөнгө оруулалттай ажилладаг. Дээрээс нь банк бус санхүүгийн байгууллага хувьцаа гаргаж болно. 20 гаруй мянган хувьцаа эзэмшигчтэй дөрвөн банк бус байгууллага байдаг.
Зээлийн хүүг бууруулах зайлшгүй шаардлагатай гэж ойлгож байгаа. Хуулийн төслийн шинэчлэсэн найруулгад энэ бүгдийг тусгахыг зорьж байна.