Туркийн Истанбул хотын төв хэсэгт өчигдөр /2022.11.13/ дэлбэрэлт болсны улмаас зургаан хүн амиа алдаж, 81 хүн шархадлаа. Дөрвөн хүн нь хэргийн газарт нас барсан бол хоёр нь эмнэлэгт очоод нас баржээ.
Дэлбэрэлт орон нутгийн цагаар 16:20 минут орчимд Таксим талбайн худалдааны гудамжинд болсон байна. Халдлагын дараа дэлхийн өнцөг булан бүрээс Туркт эмгэнэл илэрхийлсээр байна.
Тэгвэл Истанбулд болсон дэлбэрэлтэд монгол хүн өртсөн эсэх, тэнд байгаа монголчуудтай холбогдсон эсэх талаар ГХЯ-аас тодруулахад “Тухайн халдлагад монгол хүн өртөөгүй. Амиа алдсан зургаан хүн туркийн иргэн байсан” гэдэг мэдээллийг өглөө.
Ташрамд, “Al jazeera”-гийн мэдээлснээр дэлбэрэлтэд гурван хүнийг сэжиглэж байгаа аж.
Одоогоор дэлбэрэлтийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна. Мөн гудамжийг бүсэлж, түргэн тусламж, цагдаагийн машин нааш цааш давхин, нисдэг тэрэгнүүд эргэлдсээр байгаа гэнэ.