Өнгөрсөн сарын 21-нд “Худалдаа хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаагаар баривчилсан. Тэгвэл энэ сарын 18-нд буюу өчигдөр Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
Тус шүүхээс дээрх саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол...” гэх үндэслэлээр цагдан хорих хугацааг 2022 оны тавдугаар сарын 21-ээс 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.