Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуульд өнөөдөр хий алдаж, олон хүний бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн осол гарсан талаар бид мэдээлсэн. Хэргийн талаар аймгийн цагдаагийн байгууллагаас хэвлэлд мэдээлэл өгчээ.
Мэдээлэлд, "Дархан-Уул аймаг, Дархан сумын сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна" гэсэн мэдээллийг өнөөдөр 11:05-д авч шалгалтын ажиллагааг явууллаа.
Шалгалтаар тус сургуулийн 12 дугаар ангийн эрэгтэй, эмэгтэй хоёр сурагч БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой, харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр нэгдүгээр давхрын цайны газрын коридорт нэг удаа цацсан байдал тогтоогдсон. Энэ үйлдэл нь камерын бичлэгт үлдсэн бөгөөд хүүхдүүд өөрсдөө эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа зааж өгсөн" хэмээжээ.