Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо өчигдөр /2022.11.03/ хуралдаж, өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарын өмгөөлөх эрхийг хасаад байгаа юм.
Энэ талаар өмгөөлөгч Г.Баасангаас тодруулахад "Өмгөөлөх эрх хассан шийдвэрээ гардуулаагүй байна. “Намайг ёсзүйн алдаа гаргасан” гэдэг зүйлийг хэлсэн. Шийдвэртэйгээ бичгээр танилцаагүй байгаа болохоор яг ямар үндэслэлээр, тэр нь үндэслэлтэй юу, үгүй юу гэдгийг хэлэх боломжгүй байна. Ямар ч байсан шийдвэрээ аваад Захиргааны хэргийн шүүхэд хандаж, хууль ёсны шийдвэр гаргасан эсэхийг тогтоолгоно.
Монголын өмгөөлөгчдийн холбоо татвараа аваад гишүүддээ үйлчилдэг байгууллага. Гэтэл татвар төлдөг гишүүдийнхээ эрх ашигруу ингэж хутга дүрж болж байгаа юм уу. Ганц миний биш үйлчлүүлэгчдийн маань эрх зөрчигдөж байна. Миний үйлчлүүлэгчид ч хуулийн дагуу, олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлүүлэх эрхтэй.
Би 10 гаруй хэрэг дээр өмгөөлөл үзүүлж байсан. Одоо зогсчихсон байж байна. Шударга ёс, хууль дээдлэх ёс гэж алга. Даруухан, чимээгүй л байх ёстой юм байна” гэлээ.
Өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм.