Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн нэгдсэн хэлэлцүүлэг явагдаж, уг хуулийг баталж байгаа талаар гишүүд байр сууриа илэрхийллээ.
Засгийн газраас тус хуулийг боловсруулж, ажлын хэсгийг Д.Цогтбаатар гишүүн даргалж, ажлын хэсэгт Ж.Чинбүрэн, Г.Амартүвшин, Ч.Ундрам, М.Оюунчимэг гишүүд орж ажилласан байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Санхүүгийн зах зээл, ялангуяа жижиг бизнес эрхэлж буй хүмүүсийн үйл ажиллагаанд хуулийн зохицуулалт байгаагүй зөвхөн иргэний хуулиар зохицуулагддаг байсан.
Үүнээс болж хэрэглэгч эд хөрөнгөө зохих хэмжээнд үнэлүүлж чадахгүй алдах, хэтэрхий өндөр хүүтэйгээр мөнгө зээлж авах зэрэг асуудал гардаг. Засгийн газрын зүгээс тус асуудалд 2020-2024 оны үйл ажиллагааныхаа хүрээнд зээлийн хүүг бууруулж, ЖДҮ дэмжих хууль тогтоомжийг сайжруулж, зах зээлд тус дэм болох талаас хуулийн зохицуулалтыг нэмэгдүүлнэ хэмээн зорилго тавьж ажилласан.
Энэхүү хууль батлагдсанаар зээлийн хүүг дураараа тавьдаг байсан асуудал эцэслэгдэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд уг хуулийн ажлын зөвлөл байгуулагдаж, тус зөвлөлд салбарын төлөөлөгчид нь бүгд орж ажиллана. Зөвлөлөөс зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож өгнө. Ингэснээр ломбардын үйл ажиллагаа эрхэлж буй газрууд ил тод хэлбэрээр зээлийн хүүгээ тавьж өгөх юм.
Мөн ямар нэгэн бизнест зөвшөөрөл өгөх маягаар бизнесийг улам хүндрүүлэх биш харин бүртгэлжүүлэх хэрэгтэй. Тиймээс тодорхой хэмжээний бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс бүртгүүлээд цаашдаа үйл ажиллагаагаа явуулж болно" гэв.