Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Оффтейк дээр Засгийн газрын байр суурь тодорхой байгаа. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар тогтоол гаргаж, "Эрдэнэ Тавантолгой" дээр онцгой дэглэм тогтоогоод ажиллаж байна. Хэчнээн хэмжээтэй нүүрс гадагшаа гарч байгаа нь мэдэгдэхгүй. Энэ гэрээтэй холбоотойгоор хэчнээн импорт орж ирэх нь мэдэгдэхгүй. Оффтейк нууц байх нь ийм аюултай.
Эдийн засгийн хөгжлийн сайд гээд орж, гарч байгаа валютын урсгалыг тооцож үзэх гэхээр хад мөргөж эхэлж байна. Ер нь 2023 онд валютын урсгал ямар байх, орж, гарах нь хэд вэ гэдэг тооцоог хийх гэхээр бүх зүйл нь Оффтейк дээр очоод гацаж эхэлж байна. Тиймээс нүүрстэй холбоотой ил тод болгох, орлогыг гүйцэд авах чиглэлийн оролдлогуудыг Засгийн газрын тэмдэглэлээр нэг удаа, тогтоолоор нэг удаа, дахиад үргэлжлүүлэх онцгой дэглэм тогтоох замаар шийдэж байна.
Булхай, буруу зүйл удахгүй илрээд бүх зүйл байрандаа очих байх гэдгийг онцолж хэлмээр байна. Цаашдаа "Эрдэнэс Тавантолгой"-н ухсан нүүрснээс хилээр гарч буй нүүрс бүх зүйл цахимжиж бүртгэгдэх ёстой" гэв.