Төрийн ордонд нэвтрэх журмыг өөрчлөх талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Төрийн ордон бол иргэдийн ордон. Тэгэхээр иргэдийн ордонд ямар журмаар нэвтрэх вэ гэдэг журмаар зохицуулагдсан байдаг. Дөрөвдүгээр сарын 11-нээс 10 гаруй гишүүн гарын үсэг зураад, Төрийн ордонд нэвтрэх журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж, санал өгөх ээлжээ хүлээж байсан юм.
Яг энэ үеэр буюу саяхан хүүхдүүдийг ордонд пүүзтэй нэвтрүүлэхгүй гэх бидний ярьж байгаа асуудал гарч ирлээ. Тэр утгаар холбогдох журмыг өөрчлүүлэх саналыг дэмжсэн 10 гишүүн гарын үсгээ зураад Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн. Эерэгээр шийдэгдэнэ гэдэгт итгэж байна.
Энэ нь зүгээр нэг хувцасны асуудал биш. Төр иргэддээ яаж хандаад байгаа вэ гэдэг сэтгэлгээний асуудал юм. Би ч залуу явсан. Хоёр жинсэн өмд, ганц гутлаас өөр хувцасгүй явдаг үе ч байсан. Төрийн ордны dress код Сонгуулийн ардчилсан тогтолцоо, хүний эрх, үл ялгаварлах зарчмуудаа бүгдийг нь зөрччихөөд байна” гэсэн юм.