ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр "Гадаадын хөрөнгө оруулагчид"-ын эрх ашгийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсын иргэн Г нь ОХУ-ын иргэн П-оос А компанийг худалдан авахдаа хэлцэл хийх үед албан тушаалтан байсан Д нь хувьдаа болон бусдад давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох зорилгоор Г-д холбогдуулан үүссэн эрүүгийн хэрэгт нөлөөлж, иргэн Б-гээр дамжуулан Г-оос хахууль шаардсан. Улмаар 2011 онд нийт гурван удаагийн шилжүүлгээр 4 сая долларын авлигыг өөрийн төрсөн дүү Б-гийн эзэмшдэг компанийн дансаар авсан хэрэг байна. Энэ хэрэг хаагдсан.
Тодруулбал, 4 сая доллар Голомт банкаар шилжүүлээд авчихсан байхад хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар авлига авсан үндэслэл нь тогтоогдохгүй байна гээд хэрэгсэхгүй болгож шийдсэн. Ерөнхий прокурор байсан хүний төрсөн дүүгийн дансаар ороод гарчихсан мөнгө шүү дээ.
ОХУ-ын иргэн П нь А компанийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсад үндсэн хөрөнгө худалдаж авч, уул уурхай ашиглалт олборлолт явуулах нэрийдлээр 30 сая долларын санхүүгийн баримт материалыг бүрдүүлж, их хэмжээний мөнгө хувьдаа угааж завшсан хэрэг. Холбогдсон хүн нь П өөрөө. Гэтэл мөн л хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдсэн байна" хэмээлээ.