УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан "Үндэсний мөнгөн тэмдэгтийн чанар үнэлэмжийг яагаад хадгалж чадахгүй байна вэ? Ам.долларын эсрэг төгрөгийн ханш цаг минутаар суларч байгаа. Өнөөдрийн байдлаар 18 хувиар сулраад байна. Төлбөрийн тэнцлийн алдагдал ба хөрөнгийн дансны алдагдлын асуудал бас бий.
Олон жил үргэлжилсэн төлбөрийн тэнцлийн алдагдал, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтээс үүссэн ханшийн өсөлт бий болж байгаа. Энэхүү алдагдлыг хэн хариуцаж хэзээ эзэнтэй болох вэ?
Энэ оны зургаан сарын байдлаар 110 орчим мянган иргэнд ипотекийн зээл олгосон. Нийт санхүүжилт нь 6.5 их наяд. Хүү буулгах, урьдчилгаа төлбөрийг багасгах асуудал яригдаж байгаа. Засгийн газраар удахгүй оруулж шийдвэрлүүлнэ " гэв.