Сошиал орчинд гарсан "Миний дэлгүүр" ХХК-ны лангууны үнэ кассын үнэ зөрж байгаатай холбоотой бичлэгийн мөрөөр Миний дэлгүүрийн холбогдох албан тушаалтнуудыг ШӨХТГ-аас дуудаж уулзжээ.
Улмаар "Миний дэлгүүр" ХХК-ийн зүгээс энэ төрлийн зөрчлийг дахин гаргахгүй, гарсан тохиолдолд хэрэглэгчийг хохироохгүй байх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр гарсан зөрчлийн хариуцлагыг "Миний дэлгүүр" ХХК өөрөө хүлээж, хэрэглэгчийн хохиролыг газар дээр нь шийдэх юм.
ШӨХТГ-аас бүх дэлгүүр худалдааны төвүүд "Миний дэлгүүр" ХХК-ны жишгээр "Зөв бичилтийн АМЛАЛТ" өгч ажиллавал дэлгүүр, хэрэглэгч, хэрэглэгчийн байгууллагын тал талын ашиг сонирхол хангагдана гэж харж байгаа аж.
Иймд бүх худалдааны байгууллагуудыг "Миний дэлгүүр" ХХК-ны жишгээр "Зөв бичилтийн АМЛАЛТ" гаргахыг уриалжээ.
ШӨХТГ-ын зүгээс 9 дүгээр сард зах, худалдааны төвүүдээр нэгдсэн хяналт шалгалт хийж энэ төрлийн зөрчил гаргасан 5 ААН-д тус бүр 5 сая төгрөгийн арга хэмжээ авсан бол Хэрэглэгчийн мэдээлэл авах эрх аяныг 9 сарын 1-с 10 сарын 1-ний хооронд зохион явуулж бүх дэлгүүр худалдааны төвүүдэд албан шаардлага хүргүүлж, Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ААН-үүдтэйгээ уулзалт хийж, зөвлөмж хүргүүлж ажилласан байна.