УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хурлаар Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцсэн. Энэ асуудлыг энэ долоо хоногт үйлдвэржилтийн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой.
Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй овоолгыг ашиглахтай холбоотой асуудалд УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар шийдвэрлэх боломжтой. Лиценз олгох эрх Засгийн газарт бий. Овоолго нь тухайн лиценз эзэмшигчтэй холбоотой асуудал. Мөн Ашигт малтмалын тухай хуулиар Засгийн газар овоолгыг ашиглах боломж байна гэж үзсэн.
Түүнчлэн, Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцлээ. Хэлэлцэх эсэхийг УИХ шийдвэрлэсэн. Уг хуулийн олон дэд ажлын хэсгийг татан буулгаж, нэг ажлын хэсэгтэй болгож байгаа. Судалгааны их сургууль гэдгийг Их, дээд сургуулийн хуультай, Хүмүүнлэг боловсролын хуулийг Ерөнхий боловсролын хуультай нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Боловсролын ерөнхий хуулийг намрын чуулганы хугацаанд багтааж хэлэлцэж дуусах чиглэл өглөө" гэв.