Монгол Улсын хоёр иргэн Сингапурт хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гараад буй. Тодруулбал, Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай, Улсын арслан Ц.Содномдорж нар казино тоглон, хулгай хийсэн хэргээр Сингапур улсад баривчлагдсан гэх.
Гадаад Харилцааны Яамнаас өгсөн мэдээллээр, манай улсын хоёр иргэний нэг нь хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон байна. Харин хэрэгт холбогдсон нэг иргэнийг Сингапур улсын Казиногийн хэв журмын хяналтын тухай журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг нь шүүх рүү шилжүүлжээ. Хувь хүний нэр төртэй холбоотой асуудал тул дээрх иргэдийн нэрийг хэлэх боломжгүйг тус яамнаас мэдэгдэв. Тиймээс Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай юу эсвэл Улсын арслан Ц.Содномдорж уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр прокурор асан Д.Баярмагнайг Казиногийн хяналтын тухай хууль зөрчсөн гэж Сингапурын шүүхээс дуудсан бөгөөд шүүх хурал энэ сарын 26-ны өдрийн 15:30 цагт зарлагдсан аж.
Ташрамд хэлэхэд, Ц.Содномдорж уг хэргийг үгүйсгэсэн байдаг бол Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай "Казино тоглосон нь үнэн. Гэхдээ хууль зөрчөөгүй" гэсэн байдаг.