УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүгэл үлээгчид хуулиар эрх олгох, дэмжих, урамшуулах, хамгаалах мөнгөн хөрөнгийн хэмжээ, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдэл буюу шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өш хонзон, ялгаварлан гадуурхалд хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлт, хувийн мэдээлэл, аюулгүй байдалд учрах эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцууллаа.
Түүнчлэн төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, ашиг сонирхлын талаар олж авсан мэдээллээр шүгэл үлээхэд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хувь хүний нууцын мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийн хязгаарлалтад хамаарахгүй байхаар заажээ.