Цагдаагийн ажилтны нэрийг барьж, сурагчдыг сургуулиас нь авч явахыг завдсан 16 настай охиныг өчигдөр /2022.10.13/ баривчилжээ. Цагдаагийн байгууллагад 2022 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт есөн настай эрэгтэй хүүхдийг үл таних хүн зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Шалгалтын явцад уг гэмт хэргийг өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан 16 настай охин үйлдсэн болохыг тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэдэг мэдээллийг өглөө.