УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн хууль дээр ажил олгогчдыг оролцуулж байж ажил мэргэжлийн стандартыг батална гэсэн заалт орсон. Тус хуулийн энэхүү заалт дэмжинэ.
Нэг хүүхдийг сургаж байгаа хувьсах зардал дунджаар 500-600 мянган төгрөг байна. Хөдөлмөрийн зах зээл дээр шаардлагатай байгаа ур чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийн өртөг үүнээс бараг 10 дахин их болсон. Үүнтэй уялдуулж, шинэ санхүүжилтийн механизм буюу үр дүнд суурилсан санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх боломжтой.
Ажил олгогчийн оролцоог дэмжиж, түншлэл дээр суурилсан мэргэжлийн боловсролын тогтолцоог бүрдүүлнэ. Цаашдаа насан туршийн боловсролын тогтолцоонд суурилсан түвшин байх ёстой гэсэн зарчим хуулийн төсөлд суусан. Тэгш боломжийг нээсэн эрх зүйн шинэчлэл хийгдэж байгаа” хэмээв.