Сүүлийн өдрүүдэд өмнөх хийгээд одоогийн Улаанбаатар хотын захирагч нар хоорондоо таарамж муу байгаа нь тус бүрийнх байр суурь, үг, үйлдлээс нь харагдаж байгаа байх. Өнөөгийн хотын дарга Д.Сумъяабазарын хувьд Э.Бат-Үүл рүү дайрсан хандлагатай үгс чулуудаж байгаа бол Э.Бат-Үүл ч дуугай суусангүй. Өнгөрсөн удаад Д.Сумъяабазар Э.Бат-Үүлийг рекламны самбаруудаар хотыг дүүргэсэн гэх утга бүхий зүйлээр тодотгосны хариуд Э.Бат-Үүл түүнд “хичээл заав”.
Товчхондоо, хот яагаад Ерөнхий төлөвлөгөөтэй байдгийг ойлгох хэрэгтэй гэж зөвлөжээ. Зөвлөгөөндөө өнөөх л гудамж төсөл, дахин төлөвлөлттөө ч онцолсон байх юм.
Мөн болоогүй өөрийгөө хотын дарга байхдаа Приус машин унаж, явган алхах юмуу автобусаар ажилдаа очдог байсан гэж тодотгожээ. Муу юм болохоор... гэдэг шиг дарга нарын хувьд хамгийн “ул”-ны унаа приус бололтой юм. Өөрийгөө магтах гэж байгаад ард түмнээ доош хийж буй эл үйлдэл цахим орчинд багагүй шүүмжлэл дагуулж байна.
Түүний дараагийн дарга Су.Батболд ч Э.Бат-Үүлийн приус машиныг албан хэрэгцээндээ ашиглаж байгаа хэмээн сошиалаар нэг шуугиж, энд тэнд төлбөртэй мэдээ шахаж байсныг санах. Том машинаас татгалзаж приус унадаг болсноо байсхийгээд зарладаг нь приусээрээ гангарч, амьдралаа залгуулж байгаа ард түмнийг арай л доромжилж байгаа хэрэг бус уу.