Крымийн гүүр дэлбэрсний дараа Путин хамгаалалтыг чангатгах захирамж гаргав
2022.10.09 •
1м унших
Бямба гарагийн өглөө эрт Крымийн хойгийг ОХУ-ын эх газартай холбодог цорын ганц гүүр дэлбэрч, шатсан. Крымийн гүүр нь хоёр урсгалтай авто замтайгаас гадна давхар төмөр замтай байдаг. Үүнээс төмөр зам болон авто замын нэг урсгал нурж, эвдэрсэн байна.
Урьдчилсан дүгнэлтээр ачааны автомашин дэлбэрснээс гүүрэн дээр гал гарсан ба энэ үеэр гурван хүний амь үрэгджээ. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ явдлын дараа Крымийн гүүр болон Крым рүү эрчим хүч дамжуулах шугам, хий дамжуулах хоолойн харуул хамгаалалтыг чангатгах захирамж гаргажээ. Харин Крымийн гүүрэнд гарсан ослын хэргийг шалгах ажлын хэсгийг ОХУ-ын засгийн газрын шадар сайд Марат Хуснуллин ахлахаар болсон байна.