Чуулганы хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Ерөнхий сайд энэ жил зургаан аймгаар явж, ард иргэдийн оролцоотойгоор асуудлуудыг жагсааж, хэлэлцээд шат дараатай шийдвэрлээд явахаар болжээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах талаар яригдаж байгаа зүйл байна уу. 70 лиценз ашиглалтад орчихвол газар нутаггүй болно гэж малчид бухимдаж байна. Тэгэхээр гуравхан суманд 70 лиценз өгөх шаардлага бий юу, үгүй юу” гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах асуудлыг үргэлжлүүлэх нь иргэдэд эрсдэлтэй байгаа. Төлбөрийг нь хүчингүй болгох биш хойшлуулах сонголт өгөөд байгаа шүү дээ. Хойшлуулах тусам эрсдэлтэй болно. Тиймээс сунгах талаар яривал Ковидын хуулиа ч үргэлжлүүлэх асуудал яригдана. Бидэнд шаардлагатай бол энэ талаар эргэн ярилцах хугацаа байгаа” хэмээв.