2021 оны Азийн хөгжлийн банкнаас зээл олголттой холбоотойгоор зам барих багцын ажил хийгээд 2022 онд нээгдсэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор АТГ-аас шалгалт хийж байгаа аж. Тендерийн бичиг баримт боловсруулсан, сонгон шалгаруулсан, олгосон санхүүжилттэй холбоотойгоор шалгалт явуулж Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг сэжигтнээр татаж, 48 цагийн хугацаатай баривчилсан байна.
Цаашлаад Дарханы замтай холбогдуулан тендер шалгаруулсан бүх албан тушаалтнуудыг шалгах аж.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултанд хариулт өгөв.
-Дарханы замын хэрэгт хичнээн албан тушаалтан холбогдсон бэ?
-Арав гаруй албан тушаалтныг шалгаж байгаа. Үүнээс найман хүнийг нь яллагдагчаар татсан. Гурвыг нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэг холбогдогчийг баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир ямар албан тушаалтнууд баригдсан талаар мэдээлэл өгөх боломжгүй.
-Ж.Бат-Эрдэнийн гэрээс их хэмжээний бэлэн мөнгө олдсон гэх мэдээлэл байна?
-Өмнө нь Дарханы замтай холбоотой бүх албан тушаалтныг шалгана, 30 объектод нэгжлэг хийж байгаа гэдгийг мэдээлж байсан. Түүнээс хойш ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байсан. Ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд баривчлах үндэслэл тогтоогдсон учир прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай баривчилсан.