Дөрвөн мөчний булчингийн чангарал гэдэг оноштой М.Анхбаяр хүүгийн аав, ээж манай сайтад өнгөрсөн гуравдугаар сард хандаж байсан юм. Хүүгээ хөл дээр нь босгох гэж олон жил хичээсэн ч Энэтхэг улс руу явж хагалгаанд орохоос өөр аргагүй болсон тул сайхан сэтгэлт ард түмнээсээ 80 сая төгрөгийн хандив хүсэж хандсанаар манай редакциас хандивын тоглолтыг зохион байгуулж, М.Анхбаяр хүүгийн эмчилгээний зардал нэмэр болохоор хичээсэн билээ.
Олон хүний итгэл, сэтгэлээр хүүгийн эмчилгээний зардал бүрдэж Энэтхэг улсыг зорьсон бөгөөд хагалгаа нь амжилттай болоод эх орондоо ирээд байна. М.Анхбаяр сэргээн засах эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэж байгаа бөгөөд ганцаараа суух, булчингийн зангиралын өвдөлт, зовиур нь бүрэн арилсан гээд үр дүн сайтай байгааг ээж нь хэлж байв. Тиймээс манай сайтаар дамжуулан хандив өргөсөн сайхан сэтгэл хүмүүсдээ болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийлж байгааг уламжилж байна. Таны бусдад хүргэсэн буян буцахдаа бороо мэт асгарах болтугай.