Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны анхны хуралдаанд мэдээлэл танилцууллаа.
Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай холбоотой мөрдөн байцаалтын 6, хэрэг бүртгэлтийн 26 хэрэгт прокуророос хяналт тавин ажиллаж байна. Үүнээс улс төрд нөлөө бүхий этгээд 4, Хөгжлийн банкны болон төрийн байгууллагын эрх бүхий 33 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 24 албан тушаалтан зэрэг нийт нэр бүхий 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Хөгжлийн банкны 8 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 6 албан тушаалтанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас Хөгжлийн банканд учруулсан нийт хохирлоос 201 тэрбум 287 сая орчим төгрөгийг нөхөн төлүүлсэн. Мөн Эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураан авах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор 47 аж ахуйн нэгж, тэдгээрийн хувьцаа эзэмшигч, 63 иргэний нийт 682 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 765 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 ширхэг хадгаламжийн дансыг битүүмжилсэн. Түүнчлэн 25 аж ахуйн нэгжийн хувьцаа арилжаалах эрхийг хязгаарлах арга хэмжээг авсан” гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Д.Ганбат, Э.Батшугар, Л.Мөнхбаатар, Н.Ганибал, Д.Батлут, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Гишүүдийн зүгээс дийлэнх зээлдэгчид санхүүжилтээ зориулалтын бусаар ашигласан байна. Нийт зээлийн 69.2 хувь нь барьцаа хөрөнгө хангалтгүй байна. Одоогийн байдлаар 25 нэхэмжлэл шүүхийн шатанд явж байна. Хэрэг шийдвэрлэлт удаашралтай байгаа. Улсыг хохиролгүй болгоход хэр хугацаа зарцуулах талаар тодруулав.