Ажлын байран дээрээ төрсөн өдөр тэмдэглэж, архидан согтуурсан албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ талаар "Ажлын байранд төрсөн өдөр тэмдэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Усны газрын нэр бүхий гурван албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлсөн" гэдгийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Монгол Улсын Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуульд ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэхтэй холбоотой тусгасан заалт байдаг. Тодруулбал, тус хуулийн долдугаар зүйлийн 7.1.1-т төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт бий.
Ажлын байрандаа архидан согтуурсан гэх эл асуудлаас өмнө /2022.08.20/ Усны газрын дарга Ш.Мягмарыг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ингэхдээ,
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Өнгөрсөн хугацаанд Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Туул гол болон бусад гол мөрнийг хамгаалах үүрэг даалгаврыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны бодлого зохицуулалтын газарт өгсөн ч хэрэгжилт хангалтгүй байлаа.
Тиймээс яамны Усны бодлого зохицуулалтын газрын даргыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, улсын усны нэгдсэн бодлогыг зангидаж ажиллаагүй гэх мэт үндэслэлээр ажлаас чөлөөлөх, Усны агентлагийн даргыг үүрэгт ажилдаа хариуцлагатай хандахыг сануулж сахилгын арга хэмжээг авч хариуцлага тооцлоо" гэсэн юм.
Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний хуралдаанаар БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар” байгуулахаар шийдвэрлэж байв. Усны газрын орон тооны дээд хязгаарыг 38 хүнээр тогтоож, бүрэлдэхүүнийг харьяа яамны боловсон хүчнээс бүрдүүлэх, урсгал зардалд шаардагдах 601.3 сая төгрөгийн төсвийг нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр ерөнхийлөн захирагчийн хүрээнд шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгосон байдаг.