Өчигдөрхөн ирэх оны төсөвт LRT-тэй холбоотой цэг ч тавигдаагүй гэх Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын үг өнөөдөр үнэн гүйцэгдэж байх шив. Тодруулбал, LRT буюу хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ батлагдаж, техникийн зураг төслийн тендер нь зарлагджээ. Ингэхдээ БНХАУ-ын зээлээр хийхээр болсон гэх. Зээлээр хийнэ гэдэг эргээд улсын төсвөөр төлөгдөх нь дамжиггүй.
Эх сурвалжийн мэдээллээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлахдаа айлчлалын хүрээнд Хөгжил шинэчлэлийн хорооноос техник туслалцааны зөвлөх багийг илгээж LRT нэгдүгээр шугамд урьдчилсан ТЭЗҮ хийлгэсэн гэх. Улмаар ЗТХЯ-нд хуулийн дагуу хоёр шатны мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцээд салбарын ШУА технологийн зөвлөлийн дүгнэлтээр ТЭЗҮ-г баталсан байна. Тэгэхээр хэдийгээр 2023 оны төсөвт LRT гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг хийх төсөв суулгаагүй ч зээлээр хийгдээд явах нь ээ гэж ойлгож болох аж.