Монгол охидын биеийг үнэлүүлж, бэлгийн мөлжлөгт оруулдаг байж болзошгүй, охидыг хил дамжуулан худалдсан гэх Сингапурын иргэний талаарх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа. Тэгвэл энэ талаар ЭЦА-наас мэдээлэл өгсөн юм.
-Хохирогч нар нь 1993-1984 оныхон байсан-
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбабаяр "Сингапур улсын 64 настай иргэн нь Монгол Улсын охид эмэгтэйчүүдийн бэлгийн харьцаанд орж буй бичлэгийг нууцаар хийж, улмаар бичлэгээрээ заналхийлсэн. Мөн гадаад улсад биеийг нь үнэлүүлэх зорилгоор худал амлалт өгч, гадаад руу гаргасан байж болзошгүй талаарх мэдээллийг ЭЦА-наас шалгаж эхэлсэн.
Мөн хэрэгт холбоотой байж болзошгүй иргэнийг зочид буудлаас баривчилж, хэргийн газраас гар утас, зөөврийн компьютер, айпад, мемори карт, флаш диск зэргийг хураан авч үзлэг хийж байна. Түүнчлэн сэжигтэн этгээд болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авч байна.
Охидыг виз шаарддаггүй Сингапур, Турк зэрэг улс руу худалдаалсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн иргэнийг Эрүүгийн хуульд зааснаар хүн худалдаалах, хүчиндэх, хувь хүний нууцад халдах, заналхийлэх зэрэг зүйл ангиудаар шалгаж байна" гэв.