Өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонтой танилцахаар очсон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг пүүзтэй гэх шалтгаанаар буцаасан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаж, хүчтэй шүүмжлэл дагуулсан.
Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзжээ. Тэрбээр уулзалтаар ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, Төрийн ордныг олон нийтэд нээлттэй болгох журмыг боловсруулж танилцуулахыг үүрэг чиглэл болгосон байна.
Энэ хүрээнд:
1. Төрийн ордонтой танилцах, Төрийн ордонд нэвтрэхэд иргэдийн хувцасны стандартыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх;
2. Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох;
3. Төрийн ордны урд шат буюу Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт иргэд чөлөөтэй нэвтэрч, фото зураг авахуулах зэрэг асуудлуудыг зохицуулах нь зүйтэй гэж үзэв.
Эдгээр зохицуулалтыг тусгасан журам, тогтоолын төслийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэхээр тогтжээ.