Улсын 2023 оны төсвийн төслийг Сангийн яам боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихад бэлэн болоод байна.
Ирэх оны төсвийн нийт орлогыг 19.6 их наяд, нийт зарлага 20.3 их наяд байхаар тооцоолжээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Төрийн хэмнэлтийн тухай хууль бүтэн жилийн турш хэрэгжихээрээ онцлог бөгөөд энэ хүрээнд НЭГ ИХ НАЯД төгрөг хэмнэнэ.
Тухайлбал,
• урсгал зардлаас 536.5 тэрбум
• хөрөнгийн зардлаас 424.4 тэрбум
гадаадын зээл тусламжаас 11 тэрбум төгрөг гэх зэргээр хэмнэх юм. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үр дүнд урсгал болон суурь зардлыг огт нэмэхгүй байхаар тусгаснаас гадна урсгал зардлыг 204 тэрбумаар бууруулсан. Энэ бол зоригтой тоо. Жил бүр 10-20 хувь нэмэгддэг хандлагыг уг хуулийн дагуу өөрчилж, өсөлтийг зогсоолоо. Мөн ирэх оны төсөвт зайлшгүй нэмэгдэх урсгал зардалд 1.7 их наяд төгрөг зарцуулна. Үүнийг тэтгэвэр, цалингийн тогтолцооны шинэчлэл, Хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр, боловсролын салбар дахь тэтгэмж зэрэгт зарцуулна” гэлээ. Түүнчлэн төсвийг ингэж баталснаар ирэх оны эдийн засгийн өсөлт 5%, инфляц 10 ба түүнээс доош хувь руу буух тооцооллыг Сангийн яам хийжээ.
Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг ₮100,000 хэвээр үлдээж, нийт хүүхдийн 80%-д олгохоор тусгажээ
Мөн хүүхдүүд сар бүр 20,000 төгрөг олгодог байсныг цар тахлын үед нэмэгдүүлж, 100,000 төгрөг болгосон. Ирэх оны төсвийн төсөлд энэхүү хэмжээг өөрчлөхгүйгээр буюу 100,000 төгрөг байлгахаар тооцсон байна. Гэвч зардал нь өндөр тусаж байгаа тул хүүхдийн мөнгийг өрхийн орлогоор нь ангилж олгох хувилбарыг Сангийн яам дэвшүүлсэн байна.
Тодруулбал, өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд сар бүр 100,000 төгрөг олгохгүй байснаар 320 тэрбум төгрөгийн орон зай төсөвт үүснэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр танилцуулав.