Олимпын гүүрний явган хүний гүүрийг угсарч дуусан, явган хүн зорчих боломжтой болжээ.
Одоогоор дугуйт хэрэгсэлтэй иргэн зорчих налуу замын ажил үргэлжилж байгаа тул тус хэсгийн хөдөлгөөнийг нээгээгүй байна. Мөн гэрэлтүүлэг суурилуулах, будаг, цэвэрлэгээ хийх зэрэг тохижилт, заслын ажил үргэлжилж байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд үндсэн гүүрний бүтээн байгуулалт болон Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилсэн. Түүнчлэн үндсэн гүүрний урд талын “U” хэлбэрийн буцаж эргэх авто замын зүүн талын 40 метр, баруун талын 60 метр урт тулц хана болон суурийн хоёр үе бетон цутгалт хийж, авто замд хашлага суурилуулсан билээ. Явган хүний гүүрэн гарцыг тохижуулж, налуу замын хөдөлгөөнийг нээснээр Олимпын гүүрний бүтээн байгуулалт бүрэн дуусах юм.