Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамдын логог ашиглан, сайн дурын гэрээт цэрэг татлага болох гэж байгаа гэх мэдээлэл цахим орчинд тараад буй. Уг худал мэдээлэлтэй холбогдуулан Батлан хамгаалах яамнаас албан ёсны тайлбар хийлээ.
Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар “2022 оны есдүгээр сарын 15-ны өдөр сошиал орчинд Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яамны логог ашиглан сайн дурын цэрэг татлага явуулж байна гэдэг хуурамч мэдээлэл гаргаж эхэлсэн. Үүнийг гарсны дараа бид тодорхой байгууллагуудтай харилцаж мэдээлэл авч байгаа. ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн аттещегаас тодруулахад “Энэ бол ор үндэсгүй мэдээлэл” гэдэг хариулт өгсөн.
Хоёрдугаарт, бид хууль, хяналтын байгууллага руу хандаж, хуурамч мэдээлэл тараасан хүмүүсийг олуулахаар хандсан. Энэхүү хуурамч мэдээлэл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой, цаашид хор хөнөөл учруулж болохуйц мэдээлэл. Үүний эзэн холбогдогчийг тагнуулын байгууллага тогтооно" гэв.