Улаанбаатар төмөр зам ХНН-ээс ачаа тээврийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийв. УБТЗ-ын тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан "Өнгөрсөн жил Хятадын төмөр замд хоногт 14-15 галт тэрэг хүлээлгэж өгдөг байсан бол энэ жил 10 галт тэрэг өгч байна. Энэ дундаа экспортын хоосон чингэлэгтэй хоёрхон галт тэрэг хятадууд хүлээж авч байгаа. Үүнээс болж хоосон чингэлгийн хуримтлал бий болсон. Энэ хоосон чингэлгийн хуримтлалыг багасгахын тулд хоосон чингэлэг байрлуулах дөрвөн талбайг бий болгосон. Эдгээр талбайд терминалууд дээр байгаа хоосон чингэлгүүдийг бүгдийг нь гаргаж байрлуулсан.
Нийслэлд нийт 14 терминал бий. Үүний 12 нь гаалийн хяналтын бүс, хоёр терминал нь гаалийн хяналтын бүсээр зарлагдаагүй зөвхөн хоосон чингэлэг хураадаг талбай юм.
Наадмын үеэр буюу долдугаар сард ачаа олголт бараг явагдаагүй гэж хэлэхэд болно. Улмаар ачааны бөөгнөрөл үүссэн. Гаалийн татвар, гаалийн бүрдүүлэлт хийх зэрэг санхүүгийн асуудлаас үүдэн хүмүүс ачаагаа авахгүй байна" хэмээв.