Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн, анхны хүнд даацын төмөр замыг нээснээр "Тавантолгой түлш" компани сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийг төмөр замаар тээвэрлэж эхэлсэн талаар тус компани мэдээлэв. Тодруулбал, тус компани Тавантолгой төмөр замын гаалийн талбайд үүсгэсэн угааж баяжуулсан нүүрсний овоолгоос Улаанбаатар руу төмөр замаар тээвэрлэх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд эхлүүлсэн байна.
Тавантолгойгоос нүүрс ачиж буй галт тэрэг 460 гаруй км зам туулснаар Улаанбаатар чиглэлийн төмөр замтай нийлж буй аж. Ийнхүү Тавантолгой төмөр зам-Монголын төмөр зам-Улаанбаатар төмөр зам гэсэн гурван байгууллагын төмөр замаар дамжин авчирч буй мидлинг ачилтын үйл явцтай нийлээд эхний байдлаар 7-8 хоногт Улаанбаатарт ирж байна. Цаашдаа сард хоёр удаа төмөр замаар мидлинг авчрахаар төлөвлөж байгаа бөгөөд нэг удаадаа 50 вагоноор 3,500 тонн мидлингийг тээвэрлэх боломж бүрджээ. Энэ нь 80 Шалаанз машины ачих хэмжээ бөгөөд төмөр зам ашигласнаар тээврийн зардал тонн тутамдаа 40 хувиар буурах боломжтой аж.