Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын бодлого чиглэлийн талаар санал солилцож, үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Монгол Улс сүүлийн 10 жилийн хугацаанд 991 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулжээ. Өнгөрсөн жил манай улс 4.6 миллиард долларын валютын нөөцтэй байсан бол найман сарын дотор тэн хагас нь үгүй болж, 2.5 миллиард доллар л үлдсэн байна. Энэ бол үйлдвэрлэл хөгжөөгүйн тод илрэл. Тиймээс цаашдын гол бодлого чиглэл дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, борлуулалтын зах зээлийг хамгаалахад чиглэх ёстой.
Дотоодын үйлдвэрлэлийг импортын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээс хамгаалахын тулд татварыг 20-30 хувьд хүргэх шаардлагатай. Эхний ээлжид импортыг орлох, дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой хүнсний бүтээгдэхүүний татварыг үе шаттай нэмэгдүүлнэ. Сайдын хувьд мөрийн хөтөлбөр болгон ажиллана" гэв.