Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг нүүрс тээвэрлэлтэй холбоотой цаг үеийн мэдээлэл өгчээ.
Тэрбээр "2022 оны улсын төсвийг тодотгож, нийт 18 сая тонн нүүрс худалдаалахаар төлөвлөсөн. Энэ сарын 7-ны өдрийн байдлаар 80%-ийн гүйцэтгэлтэй байна. Улсын хэмжээнд өдөрт 110-120 мянган тонн нүүрс экспортолж байна. Гол боомтуудын нэг болох Гашуунсухайтад автомат удирдлагатай AGV ашиглалтад орсноор нүүрс тээвэрлэлтийг гурван хэлбэрээр гаргах боломжтой болсон.
Маргааш Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бүрэн ашиглалтад орох гэж байна. Энэхүү төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай юм.
Боомтын сэргэлт бодлогын хэрэгжилтийн хүрээнд нүүрсний экспорт сэргэж байгаа бөгөөд энэ хэвээрээ үргэлжилбэл бид энэ жилийн төлөвлөгөөгөө биелүүлэх бүрэн боломжтой. Шинэ сэргэлтийн бодлогод туссанаар Монгол Улс 2024 онд нүүрс экспортыг 50 сая.тонн хүргэх зорилт тавьж байгаа. Боомтын сэргэлтийн хүрээнд Шивээхүрэн, Булган, Ханги боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрс ачиж буулгах терминал, AGV, боомтуудын зам, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлж байна" хэмээжээ.