Өчигдөр шөнө Солонгосыг дайран өнгөрсөн Хиннаму хар салхины улмаас Жэжү, Пусан, Пухан зэрэг хотууд маш их хохирлыг амсаад байна. Одоогийн байдлаар 2 хүн нас барж, 10 хүн ор сураггүй алга болоод байна. Харин Пухан хотод 7 хүн барилгын доорх гражнаас машинаа гаргах гэж ороод сураггүй алга болжээ.
Тэгвэл БНСУ-д ажиллаж, амьдарч буй тусгай сурвалжлагч Э.Ижилболд дөнгөж сая БНСУ дахь нөхцөл байдал хийгээд алга болсон иргэдийн талаарх мэдээллийг нийтэлжээ. Тодруулбал, усанд автсан газар доорх зогсоолд алга болсон дээрх долоон иргэнээс одоогоор хоёр хүний амийг авраад байгаа аж. Тэднийг 15 цагийн дараа олсон бөгөөд 20 цаг 15 минутын үед 39 настай эрэгтэй газар доорх гражны таазны хэсэгт байрлах агааржуулагчаас зүүгдсэн байдалтай байсан байна. Тэрээр 12 цагийн турш зүүгдэж байжээ.
Түүний дараа 21 цаг 41 минутанд усанд автсан газар доорх зогсоолоос 51 настай эмэгтэйг аварсан байна. Эмэгтэйн хувьд таазны хэсэгт байрлах агаар дамжуулах хоолой дээр хэвтсэн байдалтай олджээ.
Мөн гурван хүн ухаангүй байдалтай олдон эмнэлэгт хүргэгдээд байгаа аж. Одоогоор үлдсэн хоёр хүнийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Э.Ижилболд